
Ардын засаг нэртэй коммунист нийгмийг анд нөхөдтэйгөө жагсаал хийн нурааж ард олондоо ардчилсан эрхийг авчирсан С.Зориг агсан бидний дунд үгүй болоод 20 шахам жилийг үджээ. Ерээд оны сүүлч, 2000 оны эхээр төрсөн хүүхдүүд түүнийг мэдэхгүй, танихгүй. Харин түүх, намтрыг нь бол мэднэ. Арга ч үгүй биз дээ. Ная, далан оноос өмнөх үеийн бид нар бараг мартаж байхад. Гэвч 1998 оны 10 сарын 2-ны тэр бараан өдөр бол бараг өнөөдөр болсон мэт сэтгэлд тод байдаг биз ээ. Санжаасүрэнгийн Зориг хэмээх хүмүүн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилалын “алтан хараацай”-гаас гадна энгийн нэгэн ээж, аавын хүү, анд найз, эр нөхөр байсан юм. Тиймээ, тамхи баагиулж, танхимд жинтэйхэн үг хэлчихдэг Зориг гэж залуу ямар зан чанартай, юу сонирхдог, ямар зарчимтай хүн байв…

Сайд аав, эмч ээжийн хүү
Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг Зориг 1962 оны 4-р сарын 20-ны өдөр Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь болон мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.Симуковын охин байсан юм. Тэрбээр хар нялхдаа өнчирч, монгол эх эцгийн гар дээр өсөж өндийсөн төдийгүй ”Сэрэлт” кинонд орос эмч бүсгүйн дүрийг бүтээж байсаныг олон хүн мэдэх болов уу. Хүүгээ алдсанаас хойш хорвоогийн өдөр хоногийг уй гашуудлаар дүүрэн өнгөрүүлж, хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон С.Доржпалам гуай насан эцэслээд арав шахам жилийг үдэж байгаа ч түүний цэл залуу насандаа бүтээсэн дүр нь орос эмчийн дүрээр олон түмний мэлмийд нүдлэгдсээр л… С.Зориг ээж аавдаа тунчиг эрх хүүхэд байсан бөгөөд хааяахан айлын цонхыг чулуу шидэж хагалчихдагаас биш “чих халууцуулах”-аар хэрэг бараг л тарьдаггүй төлөв даруухан хүүхэд байсан гэдэг. Дунд сургуульд байхдаа тооны төрлийн хичээлүүдэд толгой цохидог байсан С.Зориг чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв. Харин оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хүртэл тоглож явсан гэдэг шүү. Тэрбээр ганц ах, ганц охин дүүтэй. Улаанбаатарын унаган хүү тэрбээр монголын сэхээтнүүд үр хүүхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд 1970 онд элсэн орж, 1980 онд төгсөж, улмаар тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын номер нэг сургууль агуу эрдэмтэн Ломоносовоор овоглосон Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд төгссөн байна. Сэхээтний хүүхэд болоод ч тэрүү, төгсөж ирээд л ажилд орсон тэрбээр МУИС-д ШУКО-ын багшаар ажлын гараагаа эхлүүлжээ. Удалгүй 1990 оноос МХЗЭ-ийн Улаанбаатар хотын Хороонд зааварлагч, 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайд “Стратеги судалгааны төв” ТББ-г үүсгэн байгуулагч, Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, эмзэг бүлгийнхэн болон өнчин хүүхдүүдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтүлхүүр” сангийн Хүндэт ерөнхийлөгч, “Экспресс таймс”, “Сайн байна уу”, “Ардчилал таймс” сониныг санаачлагч зэрэг сонгуульт ажил, улстөрийн алба хашиж байсан билээ.


Ардчиллын салхийг сэвэлзүүлэв…
Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн М.Горбачевын өөрчлөн байгуулалтын үзэл санаа нь БНМАУ-д халдварлаж, нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхтэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан Зориг байлаа. Тэрбээр тэр үед (1989 онд) Монгол Улсын Их Сургуульд философийн багшаар ажиллаж байжээ. Нэр шиг ээ зоригтой, гал цогтой залуу Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаанууд дээр Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалах болсноор олонд танигдаж эхэлсэн юм. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч МАХН-ын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. Мэдээж тэр ардчилсан хувьсгалыг ганцаараа авчраагүй. Санаа нийлсэн арван хоёр найзынхаа хамтаар ардчилсан хувьсгалыг хийсэн юм. Тэрбээр 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг. Тэрбээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан юм.



Аллага юунаас болж үйлдэгдсэн бэ?
1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн Ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Ц.Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос орон даяар эмгэнэн гашуудаж байлаа. Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг бататгаж, Д.Энхтүвшин “Дуусан амьдраагүй Зориг” нийтлэлдээ “Тэр үеийн эрх баригч эвслийнхэн буюу Ардчилсан хүчнээс нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байсан түүхэн эгзэгтэй мөчид амь насыг нь туйлын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улс төрийн аллага байснаас зайлахгүй.” гэж бичсэн байдаг. С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ. 1998 оны 10 сарын 2-нд Ерєнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ үед С.Баяр талийгаачаас “Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?” гэж асуухад нь “Поезд ушёл” (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар “Өдрийн сонин”-д дурдсан байдаг. Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд Э.Бат-Үүл мөн адил сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүл гишүүний малгай олдсон гэдэг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл үр дүнгээ өгөөгүй. С.Зориг агсаны хэрэгт ардчилалыг хамт авчралцсан гэгддэг 12 хүнийг бүгдийг нь байцаасан гэдэг. Тэдгээр ардчиллын “хонх”-ыг анхлан цохисон 12 залуучуудын нэрсийг танилцуулбал, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн сан Р.Гончигдорж, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Хотын дарга асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга асан, “Казино” Д.Баттулга, Батлан хамгаалах яамны Бригадын генерал “Казино” Д.Энхбаатар, Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга асан Ц.Энхтүвшин, Үндэсний аюулгүй зөвлөлийн Ажлын албаны дарга асан Т.Билэгт, Хууль зүйн үндэсний төвд ажиллаж байсан С.Амарсанаа, “Малыш” М.Энхтүвшин, лам Д.Баасан, Хотын мээр асан н.Нямсүрэн, МАХН-ын хяналтын хорооны гишүүн С.Нинж. Сонирхолтой нь Д.Баасан лам С.Зориг амь насаа алдсанаас хэдхэн жилийн дараа учир битүүлгээр амь насаа алдсан байдаг. Мөн С.Нинж ч С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг гүтгэсэн хэргээр 4 сарын хорих ял эдэлсэн юм. С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгч, өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болж байсан юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч бий. Тэгтэл 20 шахам жил дуншсан С.Зоригийн хэрэг 1998 оны 10 дугаар сарын 2 ны өдөр гарснаас хойш 18 жилийн дараа шүүх хурал хаалттай хуралдаж, улмаар шат шатны шүүх болж 2017 оны 08 сарын 4-ны өдөр Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт тус бүр 20 жилийн ял оноосноор “С.Зоригийн хэрэг” хэмээн нэрлэгдсэн хэрэг 19 жилийн дараа эцэс болсон. Гэвч шүүхийн шийдвэрт ард түмэн итгэхгүй байгаа юм. С.Зоригийг нас барсны дараа түүний оронд төрсөн дүү С.Оюуныг нь сонгосон байдаг. 1998 оноос эхлэн УИХ-д суусан тэрбээр ахынхаа нэрээр Байгаль орчны сайд болтол явсан. Тэрбээр Иргэний Зориг Намыг “Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ” хэмээн зорилгодоо тусган байгуулсан гэдэг ч намаа том намуудад дагаар оруулахаар хадаг барин гүйж сүүлдээ намын даргын албаа хүлээлгэж өгсөн. Харин талийгаачийн ганц ах С.Баяр нь Энэтхэгт элчин сайдаар чамгүй олон жил сууж буй.



.jpg)

Саарал ордны цонхоор “бие зассан” сайд…
Хаяа хошин зүйл ярьж найз нөхдөө хөгжөөдөг байсан С.Зориг шатар тоглох маш их дуртай байсан бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байв. Ер нь С.Зориг агсантай ойр дотно байсан хүмүүс түүний талаар таагүй үгс унагаж байсан нь ховор. Харин түүнийг сайд байхдаа согтуудаа Төрийн ордны цонхоор бие зассан хэмээн тухайн үеийн Монголын шар хэвлэлүүдээр шуугиж байсан удаатай. Гэвч түүний нарийн бичгээр ажиллаж байсан Ц.Оюунцэцэг “АНУ-д УИХ-ын Их хурлын гадаад харилцааны хэлтсийн дарга байсан н.Алтангэрэл гадагшаа яваад ирсэн гээд нэг жижиг шил вискитэй орж ирсэн. Тэгээд оройн 20.00 цагийн үед бид гурав хамт ордноос гарсан юм. Тэд цонхоор бие застлаа согтчихсон байсан уу гэвэл үгүй. Жаахан халчихсан байсан уу гэвэл тийм. Би өрөөг нь цоожилчхоод гарсан. Талийгаач сугандаа нэг жижиг цүнх хавчуулаад л явна. Нөгөө цүнхээ миний урд унагачихаар нь би бөхийж авч өгчихөөд, ордноос гарсан. Ийм л үйлдэл хийсэн. Өөр юм үгүй. Ордны баруун урд талын замаар явсан шар пааз автобусанд гараа өргөөд л гурвуулаа сууж аваад харьцгаасан. Тэгсэн сонин дээр Төрийн ордны цонхоор морь харсан болоод гарсан. Тэр үед өрөөний цонхыг гараар онгойлгох аргагүй, нэг дэгээгээр гогодож татаад их л хэцүү онгойлгодог байсан. Тиймээс ордны цонхыг шээхийн тулд онгойлгоод байдаггүй юм. Тэгээд ч С.Зоригийн өрөөний яг хажууд нойл байдаг. Ордон дотор тийм зүй бус үйлдэл гаргасан юм бол яагаад харуул гүйж ирэхгүй гэж” хэмээн хариулсан байдаг. С.Зориг агсан “Стюардесс” янжуур маш их татдаг байсан гэдэг. Түүн рүү элдэв хурал цуглаан дээр зарим нөхөд элдэв үг шидэж, хэрүүл өддөг байсан ч мань эр тамхиа татаад, чимээгүй чагнаад л сууна. Тэгснээ онолын хувьд тийм биш үү гээд хоёр гуравхан жинтэйхэн үг хэлдэг байсныг ойр дотнынхон нь дурсан ярьдаг. Талийгаач үнэхээр л бусдаас нэг л өөр хүн байсан. Бусдаас илүү сэтгэж, их гүн бодож чаддаг байсан гэлцдэг. Харин хамт зүтгэж явсан зарим нөхөр нь түүний хаана ч хүрэхгүй гэдэгтэй олон хүн санал нийлдэг юм билээ. Түүнийг зарим хүмүүс архи их уудаг байсан гэдэг ч тэрбээр МоАХ-ны даргаас буутлаа согтуу байтугай үнэртүүлж үзээгүй аж. Гэвч УИХ-ын гишүүн болсныхоо дараа ганцаардлын улмаас бага зэрэг уудаг болсон гэдэг.




Хоёр удаа гэрлэсэн ч хүүхэд гараагүй…
С.Зориг хоёр удаа гэрлэсэн ч хүүхэд гараагүй юм. Анхны эхнэрийг нь И.Сарантуяа гэдэг бөгөөд тэрбээр талийгаачаас салсныхаа дараа одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй сууж байсан юм. Түүнийг цонхоор унаж амиа алдсан гэдгийг олон хүн санаж байгаа болов уу. Хэдийгээр И.Сарантуяа агсаныг амиа хорлосон гэж үздэг ч зарим нэг хүмүүс түүнийг учир битүүлэгээр хүнд алуулсан хэмээн ярьдаг. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан хэмээх дүгнэлтийг хийсэн юм. С.Зоригийг амиа алдах үед буюу 1998 онд С.Эрдэнэ Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдэг. Харин хэрэг гарснаас хагас жилийн дараа буюу 1999 оны дөрөвдүгээр сарын 9-нд С.Эрдэнийн эхнэр И.Сарантуяаг цагдаа нар саатуулж, Ганц худаг дахь урьдчилан хорих байранд цагдан хорьсон байдаг. Энэ талаар С.Эрдэнэ Өдрийн сонины 1999 оны дөрөвдүгээр сарын 10-ны дугаарт ярилцлага өгөхдөө “Бид тусдаа амьдарч байгаа ч гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа. Манай эхнэрийг банкны хэрэгт холбоотой Цолмон гэдэг хүүхэнтэй холбоотой хэргээр хорьж байгаа талаар прокурор хэлсэн” хэмээн ярьжээ. Мөн “Уучлаарай, танд эмзэг байж болох юм. Таны эхнэрийг УИХ-ын гишүүн асан С.Зоригтой сэтгэлийн холбоотой байсан гэх юм. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ. Та энэ тухай мэдэх үү?” гэх сэтгүүлчийн асуултад тэрээр “Мэднэ, үнэн…Манай гэр бүлийн хүн талийгаач хоёр хотын эвлэлийн хороонд цуг ажиллаж байсан…Энэ бол надтай нийлэхээс хамаагүй өмнөх явдал. Бид хоёр талаасаа хоёр хоёр хүүхэдтэй нийлсэн” хэмээн хариулсан байдаг. Харин С.Зоригийн хоёр дахь эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Тэрбээр нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Б.Булганыг хэрэг гарсны дараа хэсэг хугацаанд сэжиглэн саатуулж байгаад сулласан ч 2016 онд дахин сэжигтнээр татан жил шахам цагдан хорьж байгаад сулласан билээ.



“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн С.Зоригийг бид жилд хоёр удаа уйтайгаар дурсан санадаг. С.Зориг тэдэн нас хүрлээ гэж, мөн С.Зориггүйгээр тэдэн жилийг үдлээ гэж… Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг монголчууд биднийхээ дунд мөнхөд дуурсагдах биз ээ…

С.Зориг агсны хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-үүд…
- Би монгол хүний саруул ухаанд итгэдэг. /гадаадад сурдаг дүү охиндоо бичсэн захидалд/
- Бидний хувь заяа бидний гарт л байна.
- Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
- Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ үгийг сонсохгүй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгүй зүйл.
- Улс төрч өөрөө асар ухаантай хүн байх шаардлагагүй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хүмүүсийг өөртөө татаж, хойноосоо дагуулахүчадвар шаардлагатай. Бусад хүний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрүүлээд чиглүүлж чаддаг байх нь чухал. Чадалтай хүмүүстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
- Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүмүүсийг ажилтай болгох нь чухал.
- Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч үзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхүү эдийн засгийн бүлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бүлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах түвшинд орно.
- Би хамгийн гэдэг үгэнд дургүй. Хамгийн гэж ганц юм хэзээ ч байхгүй.
- Манайхан УИХ-ын гишүүн болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна.
- УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаж нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ.
- Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө.
- Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачхаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно.
Baclofen 25mgachat Baclofen
https://buysildenshop.com/ – Viagra
Insufficienza Renale
Propecia
Dapoxetina Con Viagra