УИХ-ын гишүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг баталбал УИХ-ын дарга Ерөнхий сайд шиг огцордог, парламентын тогтворгүй байдал үүснэ гэж байгаа. Нөгөө талаас уг хуулийн төслийг батлах нь зөв гэсэн байр суурьтай гишүүд ч байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүй байна. Эхлээд АН-ын Удирдах зөвлөлөөр ярилцаад УИХ дахь бүлгээрээ хэлэлцэх юм. Үүний дараа АНаас албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Иймд би өнөөдөр бие дааж байр суурь илэрхийлэх боломжгүй. Учир нь энэ бол парламентын дархлаатай холбоотой асуудал. УИХ-ын хэн нэгэн даргатай холбоотой асуудал биш. Үндсэн хуулийг 1990 онд батлахдаа аливаа асуудлыг тал талаас нь бодолцсон. Үндэсний Аюулгүй байдлыг тодорхойлж бодлогыг нь атгаж суудаг гурван албан тушаалтны аль, аль нь дархлаатай байх ёстой. Ялангуяа, парламентын дарга тодорхой хэмжээний дархлаатай байх учиртай. Тэгэхгүй бол Засаглалын тогтворгүй байдал үүсгэдэг шиг олонхи болсон намын дарга нь УИХ-ын даргыг дуртай цагтаа сольж парламентын тогтворгүй байдал руу орох магадлал бий.
-УИХ-ын даргад хариуцлага тооцох хууль, эрх зүйн ямар үндэслэл байдаг вэ?
-УИХ-ын даргад хариуцлага тооцох заалтууд хуульд бий. Жишээлбэл, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Ц.Нямдорж УИХын даргаас огцорч байсан. Ц.Нямдорж өөрөө бол энэ талаар “Би сайн дураараа үүрэгт ажлаа өгсөн” гэж ярьдаг л даа. Түүнээс биш тухайн үед Үндсэн хуулийн цэц түүнийг “Хууль зөрчсөн” гэдгийг тогтоосон юм. Ингээд л огцорсон. Тэгэхээр УИХ-ын даргад хариуцлага тооцох зохицуулалт байгаа юм.
-Тэгэхээр энэ асуудлыг хэзээ хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах вэ?
-Эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг нь хуралдахгүй байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яаран хэлэлцээгүй байгаа.
-Ашигт малтмалын томоохон ордуудыг төр мэдэлдээ авч эхэллээ. Одоо хоёр ч том ордыг төр мэдэлдээ авчихлаа. Энэ зөв алхам мөн үү?
-АН үзэл баримтлалын шинэчилсэн төслөө Есдүгээр Их хурлаар батлуулж Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлээд байна. АН бол баруун төвийн үзэл баримтлалтай байна гэдгээ тодорхойлсон. Үүнд хувийн өмч, зах зээлийн зарчмаар улс орны эдийн засаг хөгжих ёстой гэсэн байр сууриа бататгасан. Бүх зүйлийг төрд авах замаар явах нь туйлын зөв асуудал биш. Дэлхийд сонгодог жишээ олон бий. Тухайлбал, Венесуель улс байна. Бүх зүйлийг төрийн мэдэлд авсан. Венесуель газрын тосны баялгаар дэлхийд тэргүүлэгч орны нэг. Популистууд төрийн эрхэнд гарч ирээд газрын баялаг ард түмний өмч гээд төрийн мэдэлд авсан. Гэтэл төр хамгийн муу менежер гэдэг. Ийм учраас том том ордууд, газрын тосны үйлдвэрүүд нь өнөөдөр бүгд үнэгүйдээд байна. Харин ард иргэд нь хатуухан хэлэхэд муур, нохойгоо булаацалдаж идэх болсон шүү дээ. Сая, сая хүн гадаадад дүрвэн гарч байна. Улс орныг ийм байдалд оруулах аюултай учир бид үүнээс болгоомжлох учиртай. Стратегийн ордуудад төр мэдээж тодорхой хувь эзэмших ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд “Газрын хэвлийн баялаг бүх ард түмнийх байна” гэсэн заалт бий. Ийм учраас иргэдэд үр ашигтай, хүртээмжтэй ногдох ёстой ашгийг нь олгодог, өгдөг байдлаар зохицуулалт хийх нь зүйтэй. Бүх зүйлийг ингээд хураагаад хумиад явах юм бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь эргэлзээтэй. Бид өөрсдөө уул уурхайгаа бие даагаад ашиглах боломжтой орны нэг биш. Гадаадын томоохон хөрөнгө оруулалт татаж байж уул уурхайн салбар, ашигт малтмалаа үр өгөөжтэй захиран зарцуулна. Ер нь сэтгэлийн хөөрлөөр, улс төрийн хэт их хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй л байна.
-УИХ-ын чуулган хуралдаж чадалгүй бараг хоёр сар боллоо. Хэрэв хуралдвал прокуророос УИХ-ын дөрөв, таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирнэ гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр УИХ-ын чуулганы үйл ажиллагааг тасалдуулж хэрэг “завших” нөхцөл үүсээд байх шиг байна?
-Хулгайг өнөөдөр жижиг, том гэж яриад байна. Хулгай л бол хулгай шүү дээ. Хэдэн жилийн өмнө хүүхэдтэй бүсгүй 10 мянган төгрөг хулгай хийгээд давтан хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр 10 жил хорих ял шийтгүүлсэн удаатай. Хууль тэгш үйлчлэх зарчимтай. Үндсэн хуульд хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн заалт бий. Гэтэл өнөөдөр ЖДҮХС-гийн зээл нь тэрбум, тэрбумаар нь тэгшитгэн хуваарилсан зохион байгуулалттай төрийн хэмжээний луйвар харагдаад байгаа юм. Ийм зохион байгуулалттай гэмт хэргийг “Энэ чинь зээл. Эргээд төлнө. Юун сүртэй юм бэ” гэж байна. Нэгэнт л хуультай, шүүхтэй улс юм бол том, жижигтээ биш. Хийсэн үйлдлийг нь шалгаж тогтоогоод гэм буруутай үйлдэлд нь тохирсон шийтгэлийг нь ногдуулах ёстой. АН бол энэ талаар хатуу байр суурьтай байгаа. Хамгийн аюултай нь гурван хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ ББСБ-аар дамжуулж 36-40 гаруй хувийн хүүтэй хүүлж иргэдийг хохироосон. Үүнээс гадна иргэдэд очих ёстой боломжийг эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаагаа далимдуулж авч ашиглана гэдэг нь маш том гэмт хэрэг. Үүнийг өнөөдөр жижигхэн зүйл гэж ярьдаг нь туйлын буруу. Ялангуяа, ард түмнээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд ийм үйлдэл гаргаж байгаа нь хариуцлагагүй явдал. Засгийн газрын кабинет тэр чигээрээ л ЖДҮХС-гаас луйвар хийсэн хүмүүсээс бүрдэж байна. Миний харж буйгаар УИХын чуулган хуралдвал прокурор, хуулийн байгууллагаас луйвар хийсэн хүмүүсийн асуудал орж ирнэ. Иймд тэд ямар нэг аргаар УИХ-ыг хуралдуулахгүй байх, УИХ-ын даргыг солих, улмаар хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг сольж өөрсдийн гэмт хэргийн ул мөрөө баллах сонирхол байна гэж хардаж байгаа юм.
-Ирц нь бүрдэж хуралдаж чадахгүй байгаа УИХ тарах нь зөв үү?
-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах, ээлжит бус сонгууль явуулах шаардлага гаргасан. Тэгээд УИХ дахь АН-ын бүлэгт чиглэл өгсөн. Бүлэг энэ асуудлыг санал нэгтэй хүлээн авч байр сууриа илэрхийлсэн. УИХын ээлжит бус сонгууль явуулах тогтоолын төслийг боловсруулж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулна. Шударга ёс яриад байгаа гишүүд ард түмний төлөө хариуцлага хүлээж байгаа юм бол энэ тогтоолын төсөлд гарын үсэг зурах байх гэж бодож байна.
-УИХ-ын зарим гишүүн маргааш жагсаал зохион байгуулна. УИХ-ын гишүүд иргэдийг уриалан дуудаж жагсаал зохион байгуулах нь зөв үйлдэл мөн үү?
-Иргэд сайн дураараа улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлэн жагсах эрх нь нээлттэй. Засгийн газар, төрийн эрх барьж байгаа нам хэний эсрэг жагсаал хийгээд байгаад гайхаж байна. Хэнээс юу шаардаад байгаа юм. МАН-д бүх эрх мэдэл нь байна шүү дээ. УИХ-д 64-үүлээ сууж байгаа. Намын дотоод асуудлаа шийдэхийн тулд гудамжинд гарч иргэдийг турхирч байгаа нь ойлгомжгүй юм. Миний харж буйгаар ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөг шамшигдуулсан хэсэг нь нэг бүлэг, 60 тэрбум гээд байгаа нь бас нэг бүлэг болоод байна. Тэгээд ЖДҮХС-гийн хэрэгтэй нөхдүүд нь манлайлаад 60 тэрбумын хэрэгтэй гэдэг нөхдүүдээ оцруулах гээд байна л гэж харж байгаа. М.Энхболд гэдэг хүн огцорч улс орны эдийн засаг сайжирч, иргэдийн амьдрал ахуй дээшилдэг бол хоёр гар, хоёр хөлөө өргөөд дэмжихэд би бэлэн байна. Гэтэл үүний ард гэмт хэргээ нуун дарагдуулах гэсэн өөр зорилго агуулсан санаа бодол цухалзаад байгаа учраас бид маш болгоомжтой хандаж байгаа юм.
-УИХ тарах дээрээ тултлаа үйл ажиллагаа нь доголджээ. Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Засгийн газрыг би шулуухан шүүмжилж байгаа. Сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаад өөрсдийгөө ардын баатар болгон өргөмжилдгөө боль. Нийгэмд амьдрал хэцүүдэж байна. Нэг ам.доллар өнөөдөр 2670 төгрөгт хүрлээ. Шатахууны жижиглэнгийн үнэ хэт өндөр байна. Нэг кг махны үнэ доод тал нь 9500, дээд тал нь 12500 төгрөгт боллоо. Ийм байдлаар энэ улс хэдий хүртэл тэсэх вэ. Ирэх оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан. Гэтэл Хятад нүүрсний импортоо хязгаарлах бодлого барьж байна. Хятадын Засгийн газраас байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэнэ гээд томоохон төмрийн болон боловсруулах үйлдвэрүүдээ цөөлөх боллоо. Утаа бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Ийм нөхцөлд 42 сая тонн нүүрс экспортолж чадах нь эргэлзээтэй. Сайнаар яривал хэт өөдрөгөөр харсан, муугаар хэлбэл тооцоо судалгаагүй төсөв баталчихсан. Ингээд 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв болсон.
Сүүлийн гурван жилийн төсвийн алдагдал долоон их наяд төгрөг давчхаад байна. МАН шинэ төрлийн өр тавихгүй, өрийг өрөөр дарахгүй, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэсэн амлалт нь яав. Монголчуудын амьдрал үнэхээр хүнд байна. Гараад л харахад утаа ямар хэмжээнд байгаа билээ. Бүх зүйлийг эзэн биегүй зүйлд аваачаад наачихсан. Үүнийг л арилгавал бүх юм сайхан болно гэдэг. Энэ бүгдээс үзвэл Засгийн газар ажлаа хийхгүй байна. Хий хоосон улс төр, иргэдийн тархийг угаасан сүржигнэсэн байдлаар ямар ч ажил явахгүй. Цаг хугацаа хэнийх нь зөв, бурууг аяндаа харуулна. Энэ хавар манай улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал нэлээд хүнд нөхцөл байдалд тулж очих байх гэж харж байгаа. Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд бэлтгэх болсон. Гэтэл манай улс бэлдэж буй зүйл алга. Хуримтлал үүсгэлгүй төсвийн давсан орлого болгоныг тансаглалд зарцуулж байна. Өнөөдөр өөрөө л болж байвал маргааш улс орны хувь заяа огт хамаагүй юм шиг ааш гаргаж байна. Манай улсын эдийн засаг 2022, 2023 онд маш хүндэрнэ. Том том өр зээлээ төлөх цаг хугацаа тулна. Улс орны ирээдүйг бодсон дунд, урт хугацааны ямар ч бодлого алга.
-Таныг Нийгмийн даатгалын сангаас 58 тэрбум төгрөг завшсан гэдэг мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн үед сошиалаар гүтгэлгийн шинжтэй ийм мэдээ маш их явж байгаа. Намайг нас барсан хүмүүсийн нэр дээр 58 тэрбум төгрөг завшсан. Энэ хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байна гэсэн мэдээлэл цацагдах болсон. Шинэ оны өмнө Баабар “С.Эрдэнэ 58 тэрбум төгрөг ашигласан. Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Худлаа гэвэл Авлигатай тэмцэх газраас очиж асуугаарай” гэж сошиалаар цацсан. Би Авлигатай тэмцэх газраас лавлагаа авч гүтгэсэн хэргээр нь цагдаагийн байгууллагад өгсөн. Ингээд Баабар Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан юм. Авлигатай тэмцэх газраас 58 тэрбум төгрөгийн хэрэг гэдэг нь ор үндэсгүй, шалгаж байгаа асуудал байхгүй гэсэн албан бичиг надад ирсэн. Дээр нь цагдаагийн байгууллагад намайг шалгаж байгаа зүйл мэдээлнэ үү гэсэн хүсэлт гаргасан. Энэ байгууллагаас тийм асуудал байхгүй гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг завшсан гэх мэдээлэл сүүлийн арваад жил над руу чиглэж байгаа. Нийгмийн даатгалын сан гэж тусдаа сан байдаггүй.
Н.Энхбаяр Ерөнхий сайд, Ч.Улаан Сангийн сайд байхдаа 2002 онд Засгийн газрын 272-р тогтоол гаргаж Нийгмийн даатгалын санг Төрийн санд нэгтгэсэн. Үүнээс хойш Нийгмийн даатгалын сан өнөөг хүртэл Сангийн яам, Төрийн сангийн мэдэлд байж байгаа юм. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зарцуулагдахдаа Сангийн яамны хяналт дор Төрийн сангаар дамжиж гардаг. Түүнээс биш бие даасан санг хэн дуртай нь зарцуулаад яваад байдаггүй. Би хэдэн оны хэдэн сард хэдэн төгрөг авч завшсан юм бэ. Үүнийг шалгаад тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад удаа дараа тавьсан. Би энэ санд нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй.
Намайг өнөөдөр ухаад уул уурхай гарахгүй, хятад цус гарахгүй. Тэгэхээр эрхэлж байсан ажлаар оролдож фейсбүүкт миний зургийг тавьж худал мэдээлэл түгээх болсон юм. Тухайлбал, зохиомлоор миний хэлээгүйг хэлсэн болгож тавих увайгүй үйлдэл сүүлийн үед маш их гарч байгаа. Сөрөг хүчний намын даргын хувьд надад эмзэглээд байх зүйл байхгүй. Би 28 жил улс төрд явахдаа энэ байтугай гүтгэлэг доромжлолыг даван гарсан. Улстөрчид угаасаа л хэл амны дунд явах тавилантай. Тэгэхээр үүнд гомдоод эмзэглээд байх юм алга. Гэхдээ ийм увайгүй үйл явдалд манай иргэд, сонгогчид бүү автаарай. Тийм зүйл байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна.
АРДЧИЛАЛ ТАЙМС
http://buystromectolon.com/ – Stromectol
Buy Generic Prednisone
http://buypropeciaon.com/ – Propecia
Propecia
http://buytadalafshop.com/ – cialis buy online usa
viagra soft gels
Viagra